17 Mar 2009

10.000 ХЯТАДЫГ 400 МОНГОЛ ЯЛЖ ЧАДНА…


Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 400 монгол цэрэг, 10 000 гамингийн өөдөөс давшаад ялсан нь огт худлаа. Буу, сэлэм барьж үзээгүй 400 малчин орчин үеийн зэвсэгтэй, бас ч гэж байнгын армийн 10 000 цэргийг ялах ямар ч боломж байхгүй, энэ бол “домог” гэлцэнэ.

Энэ гаргалгааг анх Баабар “Нүүдэл суудал” номондоо гаргаснаас хойш ихээхэн тархах шинжтэй болжээ. Хятадуудтай байлдвал заавал ялна гэж боддог Монголчууд сүүлийн үед орчин үеийн зэвсэгтэй хятадууд биднээс илүү гэж бодох болжээ.

Хүн хүчний харьцаа ба зэвсэглэлийн чанарыг тооцвол энэ нь байж болох мэт авч бодит хийгээд бодит бус хүчин зүйлүүд бас бий. Бодит хүчин зүйл нь зэвсэглэлийн хувьд Хиагтыг чөлөөлсөн Монголчууд тийм ч муу байгаагүй юм.

ХХ зууны эхээр Оросын армийг зэвсэглэж эхэлсэн Мосины загварын винтов, морин цэргийн сэлмээр өвч зэвсэглэсэн байлаа. Түүнээс бороохой шийдэм барьж, нум сум эвшээлгэж дайраагүй юм. Пулемёт буу лав дөрөв байжээ. Мөн их бууны галын дэмжлэгтэй байв. Харин 400 цэрэг нь дан малчин байсан эсэх тухайд тун сонирхолтой дүгнэлт хийж болно. Хиагтын орчимд цугларсан Ардын журамт цэргийг лав л Зөвлөлтийн сургагч нар сургасан гэх мэдээлэл байдаггүй. Нөгөө талаас нь үзвэл байлдааны туршлага хийгээд зэвсэг эзэмших чадварын хувьд Монголчууд илүү байсныг нотлож болно.

Учир нь Хиагтын орчим цугласан цэргийн дотор хашир туршлагатай дайчин олон байв. 1913-1919 онд Өвөр Монгол болон Монголын өмнөд хязгаарт хятадуудтай амжилттай байлдаж байсан Богд хаант улсын цэргийн дайчид олноор очжээ. Д.Сүхбаатар ч гэсэн Харчин гүн Бавуужавын цэргийг устгахад гарамгай байлдаж баатар цол шагнуулсан 12 хүний нэг. Ногоон намын дарга Д.Энхбатын дурсан ярьснаас үзвэл Сүхбаатартай зэрэг баатар болсон өвөг ах Сэрээтэр нь Сүхийг дагаж Хиагтад очсон ба хувьсгал хийж байгаа эсэхээ ч мэдэхгүй, хятадтай байлд гэхэд хятадтай, оростой байлд гэхэд Оростой байлдаж явжээ.

Зэвсгээ хураалгаад тарсанд цөөнгүй нь Богд хаант улсын армийн пулемёт сумангийн дарга Д.Сүхбаатар нарын хамт Монгол улсаа чөлөөлөх хүсэлтэй Хиагтад очжээ. Тэд өмнө нь ялж сурсан, хятадуудтай эрэгчин эмэгчнээ үзэхэд бэлэн байв.

Тэр ч байтугай 1918 оны сүүл, 1919 оны эхээр Хятадын цэрэг Монголд орж байхад Баргын ван Манлайбаатар Дамдинсүрэн “Хүрээнд хятадыг бүү оруул, зүүн хязгаараас хятад оруулахгүйг би батлан даана” гэсэн захидал ирүүлж байсныг бодоход Монголчууд хятадтай байлдахдаа огт эмээхгүй байжээ.

Учир нь 1911 оноос хойшхи Монгол Хятадын тулалдаануудад Монголчууд үргэлж ялж байв. Мөн цэргийн хашир дайчид нэгдсэн нь Шинжаанд Хятадыг эсэргүүцэн босоод байлдсаар Оросын хилд орж Сэлэнгэд ирж суусан Илийн Сумъяа бэйсийн хошууны дайчид байв. Тулаанд хатуужсан тэр дайчид байлдааны чадвар өндөртэй байсан нь дамжиггүй. Пулемётчид нь дан Монголчууд байжээ.

Цэргийн тоо чадварыг өсгөхийн тулд Оросын армийн цэргүүдэд лам дээл өмсгөсөн, дээлийн хэлтгий захны цаанаас орос цэргийн форм харагддаг байсан гэх цуу яриа үндэсгүй юм. Хэрэв үнэхээр оросын цэргийг Хиагтын тулаанд оруулсан бол юуны өмнө зэвсэгтэй харьцах чадвараар нь пулемётчидийн дунд оруулах учиртай.

Харин Өвөр Монголоос ирсэн цэргүүдээс нэг цахар суман /тавьт/ Баяр гүний захиргаанд Бароны цэрэгт байв. Энэ тавьт хятадуудтай байлдахдаа аймшигтай харгис агаад өршөөлгүйгээрээ зартай байлаа. Баяр гүн Хиагтыг чөлөөлөөд байсан ардын журамт цэргийг дутуу үнэлсэн үү, харгис дайчидтайгаа түрүүлж давшаад бутцохиулж, өөрөө шархдаж олзлогдсоныг бодоход Хиагтыг чөлөөлсөн Монголчуудын байлдах чадвар сүрхий байжээ.


Үргэлжлэлийг эндээс уншаарай

1 сэтгэгдэл:

Blacker on 11 August 2009 at 11:10 said...

хэ хэ, орос цэргүүд дээл өмсөөд байлдсан гэж яриад байдаг нөхөр хөөрхөн маруужингийн худалдаачин шүү. чи харин сайхан гаргаж. тнх

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.