1 Mar 2009

Хавиргаа хадарч хажуудхаа хавчин түлхэгч халхууд


Саяхан интернэт ухаж байгаад нэг хүний бичсэн нийтлэлийг олж уншлаа . Тэр нийтлэл нь монгол нутагаасаа алс хол , хятад улсын нэгэн хэсэгт амьдран суугаа Дээд монгол буюу Хөх нуурын монголчууд дээр очиж тэдний аж амьдралтай танилцсан тухайгаа бичсэн байв.Тэдний монголоо гэсэн зүрх сэтгэл нь ямар агуу чин сэтгэлийнх тэгээд мөн монголчууд биднээр хичнээн их бахархдагыг сонсоод үнэхээр их сэтгэл хөдөллөө . Тэдний хийсэн нэвтрүүлгээ тавьсан сайт дээр ч чадлаараа дэм өгөх гэж сэтгэгдэлээ бичив . Үүний улмаас ч өөрийн бодож явдаг зүйлээ энд бичиж байна .


Би бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн монгол цустай монголоороо бахархдаг монгол хүн . Монголын төв халхын нэгэн хэлтэрхий харин энд өөрийн хамгийн дургүй зүйлийн нэг халхуудын увайгүй зангийн талаар бичье .
Өнөөдөр бид монгол улсад амьдарч байгаа өөрсдийгөө л монголчууд гэж ярьж ойлгодог , үүгээрээ ч бардамнаж онгирдог . Эх орноороо бахархаж бахдах нь зүйн хэрэг гэхдээ бидэнд байдаг нэг муу зүйл бол бид бусад угсаатнуудаа алагчилж нүд үзүүрлэж хавчин гадуурхдаг . Монгол үндэстэн бол зөвхөн халх бус Дөрвөд , Буриад , Урианхай , Үзэмчин , Торгууд , Өөлд гэх мэт маш олон өөр өөр ёс заншилтай угсаатны нэгдэл . Бүр эртний монгол нутаг дээр амьдарч байсан нүүдэлчдийг оруулаад ярьвал үүнээс ч хавьгүй их бий байх . Эдгээр бүх угсаатан нийлж байж л уг нь жинхэнэ монгол үндэстэний дүр төрх гарч ирнэ харин бид зөвхөн бид нар л монгол юм шиг бусаддаа дээрэлхсээр өдийг хүрсэн . Гэтэл эх нутгаасаа алс хол хүний нутагт 300 , 400 -н жил нүд үзүүрлэгдэн хавчигдаж , монгол хэлээ монгол уламжлалаа монгол цусаа харамлан хадгалах гэж чадах хирээрээ тэмцэж эх нутгаа санан нүдэндээ нулимстай , зүрхэндээ гунигтай суугаа тэдгээр хүмүүсийн дэргэд бидний эх орон гэж цээжээ балбадаг нь ердөө л хоосон хийрхэл төдий зүйл. Тэнд хичнээн эх нутгаасаа хол суугаа ч бидний төлөө сүүгээ өргөж , бидэнд хамаг сайн сайхан бүхнээ ерөөж , Монгол үндэстний өлгий нутагт эх орон тусгаар тогтнолоо зарлан суусан монголын бахархал гэж биднээр бахархаж сууна . Монгол улс монголын газар шороон дээр амьддаа ганц удаа ч болов алхаж үзэхсэн гэж мөөрөөдөж сууна . Бидний өдөр болгон бодох юмгүй алхан яваа газар шороо , дээр гийх цэлмэг хөх тэнгэр , хайр найргүй сэндийчэн онгичдог уул ус , өдөр өдрөөр бусниулан байгаа хэл соёлыг тэнд харь газар хүмүүс эрээд олдохгүй эрдэнэ мэт нандигнан хайрлаж эрхэмлэн дээдэлж байна . Эрт дээр үеээс л монголын бусад угсаатнууд алтан ургийнханыг буюу нууц товчоонд гардагчлан Бөртэ Чонын удмыг хүндэтгэн биширч дээдэлсээр ирсэн . Монголын үе үеийн хаадыг алтан ургийнхан дотроос л сонгодог байв . Алтан ургийнханыг ямар их хүндэлдэгийн нэг илрэл нь Дэлхийн түүхэнд нэр алдраараа их Чингис хаантай дүйцэхүйцээр бичигдсэн Доголон Төмөр хаан хэдийгээр өргөн уудам газар нутгыг эзэлсэн хаан байсан ч алтан ургийн тухайлбал Чингис хааны удмын хүн биш учраас хаан биш гүрхаан хэмээх цол өөртөө авч байж , өөрийгөө хаан гэж зарлах эрх мэдэл нь байсан авч ингээгүй нь хүндлэлийн илрэл болуу . Үүний адил үе үед гарч ирсэн монголын төрийг барих эрх мэдэлтэй байсан бусад угсааны хүмүүс байнга л алтан ургийн нэг хүнийг олж хаанд өргөмжилдөг байсан . Хэдийгээр би түүхийн нарийн холбоосыг нь сайн мэдэхгүй ч өнөөдрийн монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй бид энэ л үндэс угсааны үр удам гэж боддог . Эрт дээр үеээсээ л монголын олон төр хаан ширээний төлөөх алтан ургийнхны тэмцэлээс болж нуран унаж байсан шиг одоо ч энэ газар дээр эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөсөөр монгол улсыг бусниулсаар байна . Нууц товчоонд 800 -н жилийн өмнөх тэр үеийг Одтой тэнгэр орчиж , Олон улс дайтаж , Орондоо унтах завгүй , Олзлон булаалдаж байв гэж тэмдэглэсэн байдаг . Энэ бүхнийг дурьдахын учир нь бидний тухай манай нэгэн эрдэмтний хэлсэнээр монголчуудын , илэрхий толгойлох хүн гарч ирэхгүй л бол хоорондоо ясаа цайтал үзэлцдэг тэр зан чанарын тухай сануулах гэсэн юм . Энэ зан чанар нь халхуудын дунд бүр ихээр илэрдэг бөгөөд бусаддаа дээрэлхүү хоорондоо эв түнжингүй хүмүүс бол чухамдаа л бид шүү дээ . Монголчууд бидний тэр дундаа халхууд бидний энэ жалга довны үзлийг үгүй хийж даван гарсанаараа Чингис хаан тэр агуу их гүрнийг байгуулж чадсан ч гэж зарим хүн ярьдаг юм билээ , үнэний ортой үг шүү . Түрүүний дээд монголчуудын талаар дахин дурьдая , хөх нуурт 3 өөр монголчууд амьдардгийн нэг нь дээд монголчууд юм байна 80 000 гаруй хүн амтай мөн цагаан монголчууд гэж байдаг тэд нар нь 150 000 орчим хүн амтай 13-р зуунд тэнд дайтаж явсан Сүвээдэй жанжны цэргүүд гэж ярьдаг гэнэ . Дээд монголын иргэд нь одоо хүртэл монголоор ярьдаг олон зуун жил хятад улсад байгаа болхоор мэдээж хятад үгнүүд ч бас нилээн байдаг мөн эдгээр ярьж буй монголчууд нь бидний мэддэг өвөр монголчууд биш юм . Аж амьдралын хувьд яг л манай малчид шиг малаа маллаж амьдардаг бөгөөд хятад төвдүүдэд бэлчээрээ байнга булаалгадаг , заргалдая ч гэсэн шийдвэр нь үргэлж л хятад төвдүүдийн талд гардаг учраас тэгээд л өөр бэлчээр хайн бусдад дээрэлхүүлэн амьдардаг . Дээд монголын оюутанууд төвд оюутануудад дээрэлхүүлхээрээ дэлхий дээр төвд гэж улс байдаггүй харин монгол гэж улс байдаг ганц чаддаг гэж гэнэ , үнэхээр өрөвдмөөр шүү хэдэн мянган бээрийн алсад өөрсдийг нь юу гэж хэлсэн ч хамаагүй зөвхөн монгол улс байгаагын төлөө хүмүүс тэгж бахархаж хайрлаж байна харин бид тэднийг хужаагаар нь дуудаад л сууж байдаг . Надад нэг удаа манайд өвөрмонголоос ирж сурч байгаа нэг оюутан ярьж байсан юм бид нар хятадуудтай бараг өдөр болгон зодолддог гэж хэрвээ тэгж зодолдохгүй жоохон л ноомой зан гаргаад дуугай өнгөрвөл тэгээд л хэзээ ч өндийхөөргүйгээр хятадуудад дээрэлхүүлээд эхэлдэг тийм болхоор хятадуудад дээрэлхүүлэхгүйн тулд байнга л зодолддог . Тэгээд хятадууд маш олуулаа болхоор олноороо бас их дээрэлхдэг тухай , ер нь л тэнд бидний боддог шиг биш өвөрмонголчүүд монголоороо үлдэх гэж цаг мөч болгон тэмцэж их гүрний дарангуйлалд арай ядан тогтож байна . Миний нэг сайн найз өвөр монгол надад бас хэлж байсан өвөр монголд үе үе монголчуудтай нэгдэх тухай тусгаар тогтнолын тухай хүмүүс ярьж уриалдаг тэгээд л удалгүй хятадын ардын намийнхан тэр хүнийг аваад явдаг тэгээд л сураггүй болдог гэж . Энэ мэт эх нутгаасаа хол суугаа монголоо мөрөөдөн суугаа монголчууд оросоос эхлээд олон газар бий харин бид тэднийг хужаа казак буриад эрлийз хурлийзаар нь дуудсаар л байх уу ! Өвөр монголын , Оросын буриадууд , Халимагууд гээд монгол угсаатнууд одоо хүртэл халх монголчууд тусгаар тогтнохдоо биднийг авалгүй хаясан гэж гомддог гэсэн хэдийгээр тэр үеийн нөхцөл байдал яаж ч болоогүй арай чамай газар нутаг дээрээ байсан монголчууд нь тусгаар тогтнолоо зарласан ч хэрвээ халхуудад бусдыгаа алагчилж үздэг авир байгаагүй бол тэдний амнаас ийм үг гарахгүй л байсан . Энэ муухай үзэл яагаад биднээс арилахгүй байна вэ ингэж бусдыгаа алагчилсанаас бид хожиж байсан нь үгүй , үеийн үед л харийнхан биднийг хооронд нь алалдуулж дундаас нь завшдаг байсан шүү дээ хамгийн сүүлд л гэхэд монголчуудаас манжид хамгийн сүүлд эзлэгдсэн зүүн гарын хаант улсыг тэр үеийн төв халх манжтай нийлж цохьсон . Хэрвээ тэр үед монголчуудын дотроос хамгийн хүчтэй байсан зүүн гарын хаант улсын Галдан бошгит монголыг нэгтгэж чадсан бол монгол манжид эзлэгдэхгүй байж болох л байсан гэвч халхууд нөгөө л мугуйд үзлээрээ дөрвөн ойрдтой нэгдсэнээс манжид дагаар орсон нь дээр гэж үзсэнээс болж монгол улс 200 гаруй жил манжийн дарлалд элгээрээ мөлхөж газрын хөрснөөс арай л арчигдалгүй үлдсэн шүү дээ . Монголчууд нэгдэж чадсан үедээ унаж байсан нь үгүй тиймээс ч монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг гарсан биз . Үүнийг ч харийнхан мэддэг тиймээс ч монгол руу цэргээр дайрхаасаа өмнө хооронд нь яс хаяж эхэлдэг үүнийгээ халхуудаас эхэлдэг үүнийг нь мань халхууд ч сайхан хэрэгжүүлдэг байж . Бусдыгаа алагчилхаа больцгооё халхуудаа !!! Би санадаг юм дээхнэ манайд нэг Буриад билүү Халимагын бөх ирж барилддаг байсныг , нэг цагаан сараар мань хүн барилддаг юм байна овоо дажгүй барилдаад 3 давчихлаа тэгсэн манайхан чинь тэнд бөхийн өргөөнд бослого болохнээ нөгөөх муу буриадыг чинь бараг ундааны лаазаараа булж алах нь шүү тэгээд дараагийн даваанд нэг монгол нь амлаж аваад хаячихав тэгсэн тэнд орилолдож байгаа чимээ шуугианийгээ нөгөөх хаясан бөхөд арай л байлдааны гавъяаны улаан тугийн одон монгол улсын баатар өгсөнгүй . Тэнд байсан хүмүүсийн өмнөөс бөгс улайгаад л явчих шиг болсон , буриадаар овоглосон адилхан л монгол хүн шүү дээ . 8-н зууны тэртээ монгол улсад та бид очих юм бол нил сахал үс болсон араб царайтай нөхөр ч би монгол гээд зогсож байхтай таарах вий . Яг үнэндээ монголын төлөө бүх амьдралаа зориулсан монголчуудаас их юм хийсэн харийн олон хүмүүс түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг тэр хүмүүс харин та биднээс илүүтэйгээр монгол хүн гэж дуудуулах эрхтэй .
Бидний бахархан нэрээр нь омгорхож цээжээ дэлддэг Чингис хаан түүний их гүрний хаа хүртэл тэлсэн тухай багахан зүйл бичье . Чингис хаан урьд хожид байгаагүй өргөн уудам газар нутагтай асар том гүрнийг буй болгосон төдийгүй түүнийг нас барсны дараа ч энэ агуу гүрэн улам өргөжөн тэлсэн юм . 1231 онд Өгөөдэй өмнө зүг дайтах дайныг дахин эхлүүлснээр Сүвээдэйн цэрэг 3-н жилийн дотор Алтан улсыг эцсийн замд нь үдсэн төдийгүй солонгосын хойгийг эзэлж япон гэдэг аралтай анх нүүр тулсан юм . Энэ дайн цаашид үргэлжлэн хятадын сүүлчийн династи болох Сүн улстай дайтах дайн эхлэв энэ нүсэр дайн нь Хубилайн Юань гүрэн үүсэх хүртэл 35 -н жил үргэлжилсэн бөгөөд хятадын маш олон сая хүн үхсэнээрээ гиннесын номд бичигдсэн юм гэсэн . Ингээд хятад тэр чигээрээ дууссанаас хойш ази-д монголын эзэнт гүрний харъяанд ороогүй улс бараг үлдсэнгүй . Мөн Өгөөдэй хааны 1230 онд Чормаганаар удирдуулсан 30 000 хүнтэй арми баруун зүгт лалын ертөнцийг түйвээх замдаа Перс , Армен , Гүржийг буулган авч Кавказыг даван европын зүрхэнд тулж иржээ . Энэ үед умард зүгт дайтаж байсан монголын цэрэг аль хэдийн төв европын улсуудыг түйвээгээд эхэлчихсэн байв . Хэрэв 1241 онд Өгөөдэй болон түүний ах Цагаадай нар нас бараагүй бол , онгорхой үлдсэн хаан ширээг булаацалдсан тэмцэл гараагүй бол Сүвээдэйн цэрэг хаа хүрэх байсныг Бурхан л мэдэх байх . Энэ үеийн Монголын эзэнт гүрэн нь гадаад их далайгаас Адриатын тэнгис хүртэл , Ангар мөрнөөс Энэтхэг хүртэл асар уудам газар нутгыг эзэгнэсэн агуу гүрэн байлаа . Өгөөдэй хаан нас барж Сүвээдэйн цэргээс европ аврагдсан шиг явдал 18 -н жилийн дараа 1259 онд дахин тохиолдож лалын ертөнцийг хорвоогын хөрсөн дээрээс арчихаар давшиж Египтэд тулж очоод байсан Хүлэгүгийн цэрэг Мөнх хаан нас барж хаан ширээний төлөөх тэмцэл дахин эхэлсэн шалтгаанаар нутаг буцсанаар лалын ертөнц амьтай үлдсэн юм . Хоёр их хаан нас барсан адилхан шалтгааны улмаас загалмайн , лалын хоёр ертөнц аврагдсан юм ч гэж зарим хүмүүс ярьдаг . Сүүлд 200 гаруй жилийн дараа өмнө нь эртний сайн харилцаатай гээд сүйтгээгүй байсан Энэтхэгийг доголон Төмөр хааны гуч хүү Бабур эзэлж аваад хожим Английн колони болох хүртэл оршин тогтносон Энэтхэгчүүдийн бахархал болсон Их Могол улсыг байгуулсан юм . Дашрамд дурьдахад алдарт Таж Махалын сүмийг Моголын хаан бариулсан юм . Энд монголчуудын гадаад их далай хүртэл хийж явсан дайны зах зухаас бичлээ учир нь монголчуудын дайтаж эзэлж захирч явсан энэ бүх газар нутагт монгол хүн монгол угсаатан амьдарч байсан одоо ч амьдарч байгаа , хэрвээ монголчуудын харгалдааны улмаас ертөнцийн дөрвөн зүг давшиж байсан монголын жанжид буцаагүй бол өнөөдөр европын төвд , египтийн элсэн цөлд ч монгол хүний удам байх байсан биз . Бидний өвөг дээдэс нэгдсэн үедээ ийм их агуу гүрнийг магадгүй дэлхийн хамгийн анхны даяаршсан ардчилсан гүрнийг байгуулж явсан харин бид энэ сайн талаас нь суралцахын оронд хамаг мууг нь уламжлан дэлгэрүүлсээр байх уу . Монголчуудаа халхчуудаа бусдыгаа нүд үзүүрлэхээ больж адилхан монгол хүн гэдгээрээ бүгд бахархаж явцгаая . Дэлхий дээр 2,7 сая монгол биш 10 түүнээс дээш сая монголчууд амьдарч байна Монголчууд нэгдсэн үедээ хэнд ч дийлдэж байгаагүй Монголчууд эвтэй байхдаа хамгаас хүчтэй байдаг .

1 сэтгэгдэл:

Unknown on 23 July 2015 at 07:57 said...

:X

Та сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

:
 

Copyright © 2008 D.Galbadrakh. All rights reserved.